Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэг II
Баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэг II
Хураангуй
Оршил: Болсон бодит явдал гэж авч үзвэл…
Өмнөх нийтлэлд Есүсийн ярьсан баян хүн, ядуу Лазар хоёрын тухай өгүүллэгийг болсон бодит явдал гэж үзэн шинжилж эхэлсэн. Олон итгэгчид энэ өгүүллэгийг тамын бодит байдлын хамгийн том баталгаа гэж ойлгодог тул уг ойлголтыг шууд утгаар нь авч хэд хэдэн талаас судалсан.
Тухайлбал:
- Баян хүн яагаад шийтгэгдсэн, Лазар яагаад сайшаал хүртсэн бэ?
- “Абрахамын өвөр” гэж юу вэ?
- Дахин амилалт болоогүй байхад Лазар хэрхэн тэнгэр дээрх улсад очсон байж болох вэ?
- Үхэгсдийн оронд хүн сэхээгүй байхад баян хүн хэрхэн тарчилж чадах вэ?
Энэ удаа баян хүн, Абрахам хоёрын хоорондын яриаг авч үзнэ.
Баян хүн, ядуу Лазар хоёр (Лук 16:19–31)
“Нэгэн баян хүн байжээ. Тэр нил ягаан өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв. Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж, мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ… …“Хэрэв тэд Мосе ба Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ.” (Лук 16:19–31)
Абрахам, баян хүн хоёрын хачирхалтай ярилцлага
Баян хүн холын “тэртээд байгаа” Абрахам, Лазар хоёрыг таньж, тэдэнтэй ярилцаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй мэт харагдана. Галд шатаж буй хүн тайван ярих боломжгүй. Гэтэл баян хүн:
“Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг.”
гэж ганц дусал ус хүсэж байна. Галд шатаж буй хүнд ганц дусал ус хэрхэн тус болох вэ?
Мөн:
- Баян хүн Ертөнцийн Эзэнээс бус, Абрахамаас гуйж байна.
- Абрахам “надаас биш, Их Эзэнээс гуй” гэж хэлэхгүй.
- Амьд ахуйдаа Содомын төлөө залбирч байсан Абрахам одоо тарчилж буй удамдаа хүйтэн хандсан мэт харагдана.
- “Лазар амьдралдаа муугаа авсан, одоо тайтгарч байна. Чи сайн сайхныг авсан тул одоо зовж байна” гэсэн тайлбар нь Библийн бусад сургаалтай нийцэхгүй.
Мөн “гүн ангал” хоёр талыг тусгаарладаг тухай Библийн өөр хаана ч бичигдээгүй.
Там ба диваажин хоёрын хооронд харилцаа холбоо бий юү?
Хэрэв энэ нь бодит түүх бол:
- Тамд буй хүмүүс диваажинг харж чадна.
- Диваажинд буй хүмүүс тамд тарчилж буй хайртай хүмүүсээ харж, дууг нь сонсоно.
- Тэд туслахыг хүсэвч чаддаггүй.
Ийм нөхцөлд диваажин жинхэнэ жаргал байж чадах уу?
Зарим нь тамыг “Ертөнцийн Эзэнээс үүрд мөнх сална” гэж тайлбарладаг. Гэвч Бичвэрт:
“ИАВЭ Би тунхаглаж байна. Миний харахааргүй газрыг олж нуугдах хэн нэгэн байна уу? … Би тэнгэр огторгуй, газар дэлхийг дүүргэн оршдоггүй хэрэг үү?” (Иеремиа 23:24)
“Сайн муу гэлтгүй бүхнийг ажиж Хаа сайгүй ИАВЭгийн мэлмий тольдоно” (Сургаалт үгс 15:3)
“Таны Сүнснээс би хаашаа холдох билээ? … Үхэгсдийн оронд хэвтрээ заслаа ч Та тэнд” (Дуулал 139:7–8)
Ертөнцийн Эзэн хаа сайгүй оршдог тул Түүнээс салсан “цорын ганц газар” гэж байхгүй.
Үхлийн тухай Мосе ба эш үзүүлэгчид юу заасан бэ?
Абрахам баян хүнд:
“Тэдэнд Мосе ба Эш үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог”
гэж хэлдэг.
Гэвч «Хуучин гэрээ»-нд:
“Бүгд нэг л газар луу одно. Бүгд шорооноос бий болсон, бүгд шороондоо буцна” (Номлогчийн үгс 3:20)
“Чиний очих Үхэгсдийн оронд ажил үйлс, учир шалтгаан, мэдлэг ойлголт, мэргэн ухаан гэж үгүй.” (Номлогчийн үгс 9:10)
«Хуучин гэрээ»-нд мөнхийн зовлонт тамын тухай нэг ч үг байхгүй. “Үхэгсдийн орон” нь булш, үхмэл байдал гэсэн утгаар хэрэглэгддэг.
Үхэл ба дахин амилалт
Хүн нас барахдаа диваажин эсвэл тамд очдоггүй. Бүгд Үхэгсдийн оронд очно. Тэнд:
- Мэдлэг байхгүй
- Ойлголт байхгүй
- Ажил үйлс байхгүй
Дахин амилалтын тухай:
“Христийн дотор үхэгсэд” … “амилах болно” (1 Тесалоник 4:16)
Есүс ирэх тэр өдөр нас барсан итгэгчид амилаад, амьд байгаа итгэгчидтэй хамт Эзэнтэй уулзана. “Тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.”
Үхэл бол “мөнхийн жаргалд хүргэх үүд хаалга” биш.
Дүгнэлт: Шууд утгаар ойлгож авах нь боломжгүй
Шууд утгаар нь авч үзэхэд:
- Абрахам, Лазар хоёр дахин амилаагүй атлаа бие махбодоороо ярилцаж байна.
- Үхэгсдийн орон тамлалтын газар мэт дүрслэгдсэн нь «Хуучин гэрээ»-тэй зөрчилдөнө.
- Баян хүн, Лазар хоёрын очсон газрын нөхцөл байдал Бичвэрүүдийн сургаалтай нийцэхгүй.
- Үхэгсдийн оронд бодол, мэдрэмж, харилцаа байхгүй.
Иймээс энэ өгүүллэг нь бодит түүх бус, сургаалт зүйрлэл гэж дүгнэсэн. Есүсийн зорилго нь “тамд орохгүйн тулд юу хийх вэ?” гэсэн асуултад хариу өгөх биш байв.
Хэрэв үүнийг түүхэн явдал гэж үзвэл Библийн олон зуун ишлэлтэй зөрчилдөнө.
“Их Эзэн Өөрийн Үгээ хэзээ ч зөрчихгүй!”
Тиймээс энэ өгүүллэгийг хам сэдвийн хүрээнд, дүрслэлийн чанартайгаар ойлгох ёстой.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”
Хэрэглэсэн эх сурвалж
Ариун Библи (2004; 2013; 2019). Улаанбаатар: Ариун Бичээс Нийгэмлэг. Gill, J. (1763). Exposition of the Old and New Testaments. Монгол Хэлний Их Тайлбар Толь (2016). Стандарт Монгол Орчуулгын апп (2023). Strong, J. (1890). Strong’s exhaustive concordance of the Bible.
“Хэрэв та дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл PDF file дээр дарна уу.”